Хүн ам, орон сууцны тооллогын талаар
гарч байгаа түгээмэл асуулт, хариулт
Агуулга
I. Тооллогын ерөнхий ойлголтын талаар
II. Тооллогын зохион байгуулалтын талаар
А. Иргэдийг тоолох талаар:
Б. Тоологч, шалгагчийн үйл ажиллагаа, тэднийг сонгох, томилох талаар:
В. Тооллогод зориулсан өрх, хүн амын бүртгэл (ХАОСТ-3)-ийн талаар
Г. Төсөв, санхүүгийн талаар:
Д. Тооллогын үр дүнгийн талаар:
III. Тооллогын асуулга, ХАОСТ-1 маягтыг нөхөх талаар
А. Нүүр хуудас:
Б. Хүн амын асуулга:
В. Орон сууцны асуулга:
IY. Интернэт тооллогын талаар
А. Интернэтээр хэн, хэрхэн хамрагдах талаар:
Б. Интернэт тооллогын програмын талаар:
Y. Газрын зураг, түүн дээр ажиллах талаар
2010 оны 11 сарын 12-ны өдөр шинэчлэв.
I. Тооллогын ерөнхий ойлголтын талаар
- Хүн ам, орон сууцны тооллого гэж юу вэ?
Хүн ам, орон сууцны тооллого нь товлон тогтоосон хугацаанд тухайн улс оронд оршин суугаа нийт хүн амыг хамарч, хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн хүрээний болон тэдний амьдарч буй сууцны талаарх суурь мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, үнэлэх, хэвлэн нийтлэх, нийтэд тархаах цогц үйл ажиллагаа юм.
- Тоолох ажиллагаа хэзээ явагдах вэ?
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тоолох ажиллагаа 2010 оны 11 дүгээр сарын 11-нээс 17-ны өдрүүдэд явагдах бөгөөд тусгайлан бэлтгэгдсэн тоологч нар айл, өрх бүрээр орж, мэдээллийг цуглуулна.
Интернэт тооллогын ажиллагаа 2010 оны 10 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд явагдана.
- Тооллогын үр дүн хэзээ гарах вэ?
Тооллогын урьдчилсан дүн 2011 оны 2 дугаар сард, үндсэн үр дүн 7 сард зарлагдана. Түүнээс хойш сэдэвчилсэн судалгаа, нарийвчилсан дүн шинжилгээ хийгдэж, тархаагдана.
- Хүн амын тооллого, иргэний шинэчилсэн бүртгэлээс ямар ялгаатай вэ?
Иргэний шинэчилсэн бүртгэлд орсноор Та эрх зүйн хувьд Монгол Улсын иргэн гэдгээ баталгаажуулж байгаа юм. Хүн амын тооллого нь Таны тухай илүү нарийвчилсан судалгаа авч байгаагаараа ялгаатай юм. Тийм ч учраас Танаас бичиг баримт шаардахгүйгээр тоолно.
- Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогод зориулсан өрх, хүн амын бүртгэл (ХАОСТ-3 бүртгэл) гэж юу вэ?
Энэ бүртгэлийн зорилго нь тухайн өрх, барилга, байгууламжид яг хичнээн хүн тоологдохыг урьдчилсан байдлаар тодорхойлж, тоолох үеийн төлөвлөлт, зохион байгуулалтыг нарийвчлан гаргахад оршино. Тиймээс Таны амьдарч байгаа баг, хороонд хичнээн тоологч ажиллах, тэдний цалин хөлсөнд хэдий хэмжээний зардал шаардагдах, тоолох ажиллагаанд иргэдийг орхигдуулахгүй, давхардуулахгүй, хугацаанд нь хэрхэн амжуулж явуулах зэрэг асуултад эцэслэн хариулт өгдөг зөвхөн тоолох ажиллагаанд зориулсан бүртгэл юм.
- Улс орны хөгжилд хүн ам, орон сууцны тооллого ямар ач холбогдолтой вэ?
Төлөвлөлт хийх, бодлого боловсруулах нэн хэрэгцээтэй мэдээллийн эх үүсвэр бүрдэнэ. Тухайлбал, хаана сургууль, цэцэрлэг, эмнэлэг шинээр барих, ирээдүйд хүн амын өсөлт ямар байх, 10 жилийн дараа хэдэн хүн тэтгэвэрт гарах, нийгмийн даатгалын ямар бодлого хэрэгжүүлэх, үр ашиггүй байдлаар зохион байгуулагдсан ямар сум, багийг татан буулгах вэ, хүн амыг орон сууцжуулахад юунд анхаарах, цэвэр ус, усан хангамж, дулаан, цахилгааны эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх вэ зэрэг олон олон бодлого, төлөвлөлтийг хийдэг цорын ганц мэдээллийн эх үүсвэр юм.
Бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлнэ. Өнгөрсөн 10 жилд Засгийн газар хүн амын хөгжлийг хангахад хэрэгжүүлсэн арга хэмжээ ямар үр дүнд хүрэв, монгол хүн өнөөдөр аятай тухтай сууцаар хангагдаж чадав уу зэрэг асуултад хариулт өгнө.
Хүн ам зүйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлно.
Тооллого бол түүхийн үнэт лавлагаа. Монгол Улсын түүхийн үнэт лавлагаа бүрдэнэ. Тийм ч учраас Та бидэнд үлдсэн баттай эх сурвалж бол 1918 оны Богд хаант Монгол Улсын Засгийн газраас хийж, 647,5 мянган хүн тоолсон гэсэн тооллогын дүн юм. Үүнээс өмнө хүн амаа тоолж байсан гэсэн мэдээлэл эх сурвалжуудад үлдсэн байдаг ч бодитой хэдэн хүнтэй байсан гэдэгт хариулт өгч чаддаггүй юм.
- Хүн ам, орон сууцны тооллогын асуулгад үнэн зөв хариулах нь хувь хүнд ямар ач холбогдолтой вэ?
Тооллогын асуулгад үнэн зөв хариулт өгснөөр нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн олон асуудалд бодитой дүгнэлт өгч, ирээдүйн төлөвлөлтийг үндэслэлтэй хийх бололцоо бүрдэнэ. Хувь хүн бүрээс тооллогын асуулгад өгсөн үнэн зөв мэдээлэл нь Таны амьдарч байгаа баг, хорооны жилийн төсөв хэд байх, 2-5 насны хүүхдүүдэд зориулж шинээр цэцэрлэг барих уу, оршин суугчдын цахилгаан, дулааны хангамжийг хэрхэн сайжруулах зэрэг олон асуудлыг бодитой шийдэх үндэслэл болно. Нөгөө талаар иргэн Таны түүхийн үнэт лавлагаа болно.
- Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын онцлог юу вэ?
Энэ удаагийн тооллого нь анх удаа “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог юм. Мөн мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан гадаадад амьдарч байгаа монголчуудаа интернэтээр тоолно.
- Хүн ам, орон сууцны тооллогод хэн хамрагдах вэ?
Тооллогод дараах хувь хүнийг хамруулна:
- Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа Монгол Улсын иргэн;
- Монгол Улсын нутаг дэвсгэрт 183 хоног (6 сар)-оос дээш хугацаагаар оршин суугаа болон оршин суухаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан гадаадын харьяат иргэн, харьяалалгүй хүн;
- Гадаадад оршин суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүн;
- Гадаадад ажиллаж, суралцаж байгаа болон хувийн хэргээр оршин суугаа Монгол Улсын иргэн.
- Тооллогын тов гэдэг ойлголтыг тайлбарлаж өгнө үү?
Тооллогын тов нь хүн ам, тэдний амьдарч буй орон сууцны нөхцөлийг хуулиар тогтоосон цагаар тасалбар болгон тодорхойлж байгаа явдал юм. Тухайлбал, тооллогын товоос хойш төрсөн хүүхдийг тоолохгүй ба харин тооллогын товоос хойш нас барсан хүнийг тоолох зарчимтай. Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын товыг 2010 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 00 цагаар тогтоосон.
- Хүн ам, орон сууцны тооллогод иргэд ямар үүрэгтэй оролцох вэ?
Хүн ам, орон сууцны улсын тооллогын хуульд зааснаар иргэн Та тооллогын ажилтныг байр орон сууцандаа нэвтрүүлж, тооллогын асуулгад үнэн зөв, бүрэн хариулт өгөх, тоолуулсан гэдгээ баталгаажуулах гэрчилгээг тоологчоос авах үүрэгтэй юм.
- Иргэн Таны хариултын нууцыг хэрхэн хамгаалах вэ?
Тооллогоор цуглуулсан бүх мэдээлэл маш өндөр нууцлалтай байхаас гадна, статистикийн болон тооллогын ажилтнууд хууль тогтоомжийн дагуу мэдээллийн нууцлалыг чандлан хадгална. Таны өгсөн мэдээллийг зөвхөн статистикийн зорилгоор ашиглах бөгөөд баг, хороо, цагдаа, шүүх, татвар зэрэг ямар ч байгууллага ашиглах эрхгүй байдаг.
- Хамгийн сүүлийн тооллого хэдэн онд болсон бэ?
Хүн ам, орон сууцны сүүлийн тооллогыг 2000 онд зохион байгуулсан. Энэ тооллого нь Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд жилжиж байгаа үед зохион байгуулагдсанаараа онцлог болсон.
- Тооллоготой холбоотой мэдээллийг хаанаас авч болох вэ?
Баг, хороо бүрт тооллогын түр товчоо байгуулагдсан байгаа учраас баг, хорооноосоо мэдээлэл авч болно.
Гаднаас хэрэглэгч хөнгөлөлттэй үнээр хандах 121 дугаартай утас ажлын цагаар ҮСХ-н дээр ажиллаж байна. Мөн www.toollogo2010.mn цахим хуудсаар онлайн лавлагааг Улаанбаатарын цагаар 09-02 цагийн хооронд өгч байгаа.
- Тооллогын ажлаар айл өрхөөр явах хүмүүс ямар хувцастай, ямар таних тэмдэгтэй байх вэ?
Тооллогын өдрүүдэд айл өрхөөр мэдээлэл цуглуулж явах тоологч, шалгагч бүр тооллогын ажилтан болохыг гэрчилсэн үнэмлэх, тооллогын лого бүхий цүнхтэй байна. Баг, хороо тоолох үе эхлэхээс өмнө тоологч, шалгагчаар ямар хүмүүс ажиллах талаар иргэдэд урьдчилан мэдээлэл өгнө.
II. Тооллогын зохион байгуулалтын талаар
- Шүлхий өвчний голомттой байгаа сумдад тооллого хэрхэн явуулах вэ?
Гоц халдварт өвчин болон цар тахлын үед ажиллах тусгай зөвлөмж өгч ажиллана.
- Тоологч манай гэрээр хэзээ ирж тоолох вэ? Би хаана хандах вэ?
Өөрийн амьдардаг хороо, сум, багийнхаа түр товчоо руу ярьж (хороо, баг, сумын үндсэн утас руу) тоологчийг хэзээ гэртээ ирүүлж тоолуулах бололцоотойг тохирно. Сум, баг, хороо бүрт тооллогын түр товчоо ажиллаж байгаа бөгөөд таны амьдардаг хэсгийг 1 тоологчид хариуцуулж өгсөн байгаа.
- Тоологч гэрт ирж тоолохоос өмнө өөр аймаг, сум, нийслэл, гадаадад улсад албан болон хувийн хэргээр зорчих шаардлагатай байна. Энэ тохиолдолд хаана хандаж, яаж тоолуулах вэ?
Өөрийн амьдардаг сум, баг, хорооны тооллогын түр товчоо руу ярьж, хариуцсан тоологчийг ирүүлж тоолох арга хэмжээ авна.
- Гадаадад байгаа хүмүүсийг яаж тоолох вэ?
Монгол улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар (ДТГ)-т ажиллаж буй иргэд болон тэдний гэр бүлийнхнийг ДТГ-аас тоологч томилогдож тоолно. Харин гадаадад улсад удаан хугацаагаар сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдийг интернэтээр, тодруулбал, www.toollogo2010.mn цахим хуудсаар тоолж байна.
Мөн Монгол Улсад байгаа ар гэрийнхэн нь гадаадад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа хүнээ тоолуулна. Интернэтээр тоологдсон хүний мэдээллийг ар гэрийнх нь өгсөн мэдээлэлтэй тулгана.
- Оюутнуудыг яаж тоолох вэ?
Хэрэв тухайн оюутан, сурагч үндсэн засаг захиргааныхаа нэгжээс өөр, аймаг, нийслэлд суралцаж байгаа бол тухайн оршин суугаа газарт нь тоолно. Харин оюутан, сурагчид тоолох үед гэртээ чөлөөгөөр болон амралтаараа ирээд байгаа бол гэрт нь тоолно.
Гэрээт болон хугацаат цэрэг, дотоодын цэрэг, хилийн цэргийн албан хаагчийг нэгдсэн журмаар Батлан хамгаалах яам, Хууль зүй дотоод хэргийн яам цэргийн анги, хуаранд нь тоолно.
- Хоригдож буй сэжигтэн, яллагдагчдыг яаж тоолох вэ?
Урьдчилан хорих байранд саатуулагдсан иргэд, ялтан, хоригдож буй сэжигтэн, яллагдагчдыг тухайн газарт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тоолно.
- Орон гэргүй, тэнэмэл хүмүүс, албан бусаар ашигт малтмал олборлогчдыг хэрхэн тоолох вэ?
Эдгээр хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалттайгаар цагдаагийн байгууллагатай хамтарч байгаа газарт нь тоолно.
- 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүүхдийг тоолох уу?
Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын товыг 2010 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн “00” /тэг, тэг/ цагаар тогтоосон. Тиймээс 2010 оны 11 дүгээр сарын 11-нд төрсөн хүүхдийг тоолохгүй.
- Насанд хүрээгүй хүүхдийн талаарх мэдээллийг өрхийн тэргүүлэгч эсвэл 16 ба түүнээс дээш насны бусад гишүүдээс асууж тоолно гэсэн. Өрхийн насанд хүрээгүй 16-аас доош насны хүүхэд өөр аймаг, нийслэлд сургуульд сурдаг, хамаатныдаа болон хамааралгүй өрхөд сууж байвал хэн тоолуулах вэ?
Тухайн хүүхдийн талаар тооллогын асуулгад өгөх мэдээлэлгүй бол хүүхдээс өөрөөс нь асууж тоолно.
- Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийг яаж тоолох вэ?
Эмнэлэгт 10 хоногоос доош хугацаагаар хэвтэн эмчлүүлэгч болон түүний асран хамгаалагчийг гэрт нь тоолно. Харин 10 хоногоос дээш хугацаагаар эмнэлэгт байгаа хүмүүсийг гэрт нь түр эзгүй, эмнэлэгт нь түр суугаагаар тоолно.
- Өөрөө өөрийгөө тодорхойлох боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүнээс мэдээллийг яаж авах вэ?
Тооллогын асуулгад хариулт өгөх чадваргүй хүмүүсийн мэдээллийг түүний асран хамгаалагчаас авна.
- Бичиг баримтгүй эсвэл бичиг баримтын зөрчилтэй хүмүүсийг яаж тоолох вэ?
Хүн ам, орон сууцны тооллогод иргэн Танаас ямар ч бичиг баримт шаардахгүйгээр хаана байнга (6 ба түүнээс дээш сарын хугацаагаар) сууж байна тэр газарт нь тоолно. Харин иргэн Та тоолох үеэс өмнө иргэнийхээ үүргийн дагуу иргэний бүртгэлийн аливаа зөрчлөө цэгцлэхийг зөвлөж байна.
- Хаягийн бүртгэлгүй, хаягандаа байхгүй хүмүүсийг яаж тоолох вэ?
Эдгээр хүмүүсийг байнга оршин суугаа газарт нь тоолно.
- Өөр орон нутагт 4-5 жил амьдардаг үндсэн газраасаа шилжүүлгээ хийлгээгүй хүнийг хаана тоолох вэ?
Тооллогод бүртгэл хамаагүй. Тухайн хүн тоолох үед хаана 6 сараас дээш хугацаагаар амьдарч байна, тэнд нь тоолно.
- Өрхийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, иргэний үнэмлэх дээрх хаягууд хоорондоо зөрдөг. Энэ тохиолдолд тухайн өрхийг ямар хаягаар нь тоолох вэ?
Тооллогын бэлтгэл ажлын хүрээнд хаягийн зөрчлийг арилгаж дууссан байх ёстой. Тухайн оршин суугаа засаг захиргааны нэгжээс хамгийн сүүлд олгосон хаягаар нь өрх, хүн амыг тоолно.
- Манай баг, хороонд бүртгэлтэй, өөр газар амьдардаг хүмүүсийг утсаар ярьж тоолж болох уу?
Болохгүй. Иргэн байнга амьдардаг газраа тоолуулна.
- Малчид өөр аймаг, суманд отроор явсан боловч тэндээ амьдарч байгаа бол яаж тоолох вэ? Харьяаных нь сум тоолох уу, тухайн оторлуулж байгаа сум тоолох уу?
Тухайн оторлуулж байгаа сум тоолно.
- Зэргэлдээ сум, багийн хувьд малчин өрхөө харьяат багаас нь очиж тоолж болох уу?
Зэргэлдээ сумандаа намаржиж, өвөлжиж байгаа малчин өрхөө аймгийн тооллогын комисст мэдээлсний үндсэн дээр харьяаных нь сумаас очиж тоолж болно. Тоолж болох тохиолдолд зохион байгуулалттайгаар оторлож байгаа гэх мэт онцлог нөхцөлийг л хамааруулж үзнэ. Харин аймгийн төвд ирж, өвөлжиж малчин өрхийг харьяаных нь сумаас тоолж болохгүй.
- Монгол Улсын хилийн сумдад амьдардаг иргэд гэр бүлээрээ ОХУ болон БНХАУ-ын хил залгаа хот тухайлбал, Эрээн хотод амьдардаг. Тэднийг хэрхэн тоолох вэ?
ОХУ болон БНХАУ-ын хил залгаа хотод суугаа Монгол Улсын консулын газраар дамжуулж тоолно. Хэрвээ хилээр орж, гардаг бол Монгол Улсад нь тоолох нь зүйтэй. Тоолох үед хилийн шалган дээр тоолуулсан эсэхийг шалгах учраас хил дээр тоолуулж болно.
- Хатанбулаг сум нь Хятад улстай хиллэдэг. 2010 оны 11-р сарын 16-нд хил нээдэг. Гэтэл Хатанбулаг сумын иргэд хил нээхээс 3-4 хоногийн өмнө хил дээр очсон байдаг. Эдгээр иргэдийг хэрхэн тоолох вэ?
Байнга оршин суудаг газартаа тоолуулсан байна. Тоолуулаагүй бол Хатанбулаг сум тоолно.
- Монгол Улсын хилийн шалган дээр иргэд тоолуулсан гэрчилгээгүй иргэд их очиж байна. Энэ тохиолдолд ямар зохицуулалт хийх вэ?
Хилийн шалган дээр тухайн сумын харьяат иргэдийг тоолохгүй, сум, багийх нь тооллогын түр товчоо руу буцааж, тоолуулах шаардлага тавьж байгаа. Харин өөр сум, аймаг, нийслэлийн харьяат буюу тухайн хилийн сумын харьяат бус иргэдийг хилийн шалган дээр тоолж, хил нэвтрүүлнэ.
- Тоологчийг зар тавьж шалгаруулж болох уу? Хаана бүртгэж авах вэ?
Тухайн баг, хороо, сум, дүүрэгтэйгээ хамтран шалгуурын дагуу сум, хороон дээрээ бүртгэж авна.
- Хөдөөд боловсон хүчний хангамж хүрэлцээгүй байдгаас сум, багийн тооллогын түр товчооны гишүүдийг тоологч, шалгагчаар авахгүй байгаа нь хөдөөд нийцэхгүй байна.
Тоолох үед тооллогын түр товчооны ажилтнууд ачаалал ихтэй ажиллаж, тоологч шалгагч гарт хяналт тавих учраас тоологч, шалгагчаар ажиллах боломжгүй.
- Тоологч, шалгагчийн тоонд өөрчлөлт орж болох уу?
Тухайн засаг захиргааны нэгжиийн өрх, хүн амын тооноос шалтгаалан нормативын дагуу өөрчлөлт орж болно. ХАОСТ-3 бүртгэл хийсний дараа тоологч, шалгагчийн тоог нормативын дагуу тооцож, эцэслэх ёстой.
- Тоологч, шалгагчийг сургалтын үеэр өөрчилж болох уу?
Болохгүй. Сургалт эхлэхээс өмнө тоологч, шалгагчаар ажиллах иргэдийг 10 хувийн нөөцтэйгээр бэлтгэж дууссан байна. Сургалтад суугаагүй хүн тоологч, шалгагчаар ажиллах тухай ойлголт хэрхэвч байж болохгүй.
- Тоологч, шалгагчийг статистикаас хүн ирж томилох уу?
Сургагч багш нар сургалтын дараа шалгалт авч, боломжтой хүмүүсийг сум, хорооны ЗД-д санал болгож, зөвлөмж өгнө. Сум, хорооны ЗД сонгож гэрээ байгуулна.
- Тоологч, шалгагчийг хаанаас томилж, ямар шийдвэр гаргах вэ? Учир нь аймаг, сумын тооллогын комисст тамга, эрхийн актын бланк байхгүй.
Сургалтад хамрагдсаны дараа тоологч, шалгагчийг сумын тооллогын комиссын дарга, хорооны түр товчооны дарга захирамж гаргаж, томилно. Гэхдээ тэдэнтэй “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулна. Тооллогын комиссын шийдвэр ямар байх талаар “Хүн ам, орон сууцны тооллогын комиссын ажиллах журам”-д тодорхой заасан байгаа.
- Сум, хорооны ЗД-д тоологч, шалгагчтай гэрээ байгуулах тусгай маягт ирэх үү?
Тоологч, шалгагч нарын гэрээний загварыг өгнө.
- Тоологчийн хариуцаж ажиллах нутаг дэвсгэр, тоолох хүний тооноос нь шалтгаалаад нэг тоологч нэг машинтай явж өрх, хүн амаа тоолох уу? Хэрвээ болох бол унаа машин нилээд шаардлагатай болно.
Тоологч бүр нэг машинтай явах бололцоогүй. Харин хөдөө орон нутгийн хувьд тоологчдын явах маршрутыг тодорхой гаргаж, машин унаагаа бэлтгэх нь зүйтэй.
- Тоологч, шалгагч нар тоолох үеэр шөнө, оройн цагаар явахад аюулгүй байдлыг хэрхэн хангах?
Тоологч, шалгагч нарын аюулгүй байдлыг хангах тал дээр тухайн баг, хороо цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллана. Тоологч, шалгагч нарт аюулгүйн дохиолол өгөх бөгөөд өөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Тухайлбал, өөрийн хариуцаж тоолох хэсэгт хамгийн ойр байрлах цагдаагийн хэсгийн утсыг мэдэж байх, утсаа цэнэгтэй байлгах, хүний анхаарал татах хувцас өмсөхгүй байх гэх мэт олон зүйлийг бодож, төлөвлөх нь зүйтэй.
- Манай сумын баг 1 тоологчтой. Энэ багт 1 шалгагч байх уу? Эсвэл өөр багийн шалгагчид хариуцуулах уу?
Тухайн багийн түр товчооны аль нэг ажилтан шалгагчийн үүргийг давхар гүйцэтгэнэ. Харин тусдаа шалгагч байх, өөр багийн шалгагчид хариуцуулах шаардлагагүй.
- Албан болон албан бусаа ашигт малтмал олборлогч иргэдийг тоолох тоологчид ямар дугаар олгох вэ? Мөн сум, хорооны тооллогын түр товчооны байранд байрлаж, зайлшгүй тохиолдлоор өрх, иргэдийг тоолох тоологчид ямар дугаар өгөх вэ?
Албан болон албан бусаа ашигт малтмал олборлогч иргэдийг тоолох тоологчид 55 гэсэн дугаар, сум, хорооны тооллогын түр товчооны байранд байрлаж, зайлшгүй тохиолдлоор өрх, иргэдийг тоолох тоологчид 66 гэсэн дугаар олгоно.
- Малчин өрхийн тэргүүлэгч Дорж өөр дээрээ хагас малаа, өрх тусгаарласан хүү дээрээ хагас малаа тоолуулдаг. Энэ тохиолдолд маягт ХАОСТ-3 болон маягт ХАОСТ-1 дээр тусдаа өрхөөр авах уу?
Мал тооллогын асуудалтай хүн амын тооллогын зарчим хамаарахгүй. Хэрвээ 2 өрх тусдаа орон байранд амьдардаг бол тус тусад нь өрхөөр тоолно.
- ХАОСТ-3 бүртгэлийн үед өрхөөрөө УБ-руу явж байгаа тохиолдолд яах вэ?
ХАОСТ-3 бүртгэлээр бүртгэж авна. Харин тоолох үед тухайн өрх УБ-т байх бол тэндээ тоологдоно. Өөрөөр хэлбэл, өрхөөрөө эзгүй байвал тухайн засаг захиргааны нэгжид нь тоолж чадахгүй шүү дээ.
Г. Төсөв, санхүүгийн талаар:
- Ажилгүй хүнийг хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр цалинжуулахад цалинг яаж тооцох вэ? Багш, эмч зэрэг ажилтай хүмүүсийн хувьд яаж тооцох вэ?
Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 6-р зүйлд зааснаар ажилгүй хүний хувьд тооллогын 7 хоногийн хугацааны ажлын цагийг 645 төгрөгөөр, илүү цагийг 970 төгрөгөөр бодож тооцно. Үүнээс гадна хоол, унаа, холбооны зардал олгоно. Ажилтай хүний хувьд илүү цагийн хөлс, хоол, унаа, холбооны зардал өгнө.
- Тооллогод ажиллах жолоочийн зардлыг хаанаас санхүүжүүлэх вэ?
Орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
- Туршилтын тооллогоор түр товчоонд ямар ч урамшуулал байгаагүй. Ээлжит тооллогоор ямар нэгэн урамшуулал байгаа юу?
Урамшуулал гэдэг зардлын зүйл анги хуулийнхаа дагуу байхгүй. Харин шат шатны түр товчоонд ажиллаж байгаа ажилтнуудад хоолны зардлыг тооцож, орон нутгийн төсөвт нь суулгасан.
- Тооллогын төсөв хүрэхгүй бол хэрхэн зохицуулах вэ?
Тооллогын хуулийн 6.5-д зааснаар тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага нь хариуцна. Тиймээс ХАОСТ-3 бүртгэлийг маш чанартай, зааврын дагуу зохион байгуулахад онцгой анхаарах шаардлагатай. Энэ бүртгэлийн дараагаар төсөв дутах уу, хүрэлцэх үү гэдэг асуудал тодорхой болно.
- Тооллогын дүнгээр аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хэмжээнд иргэний бүртгэлээс гарч байгаа үндсэн харьяат иргэдийн тоо гарах уу?
Тухайн засаг захиргааны нэгжийн хувьд тооллогын дүн суурин хүн амын тоо буюу иргэний бүртгэлийх нь дүнгээс зөрж болно. Тооллогын дүнгээр тухайн засаг захиргааны нэгжид байнга (6 ба түүнээс дээш сарын хугацаагаар) оршин суудаг суурин иргэдийн тоо, тоолох үед хугацаа харгалзүйгээр тоологдсон бэлэн хүний тоо гэсэн үр дүн гарна.
- Түр эзгүй, түр суугаа иргэдийн тоог давхардуулахгүй яаж нийт тоог гаргах вэ?
Байнга болон түр эзгүй хүний тоогоор суурин хүн амын тоо, байнга болон түр суугаа хүний тоогоор бэлэн хүн амын тоог гаргана.
- Тооллогын дараа баг, хороонд ямар нэгэн мэдээлэл үлдэх үү?
ҮСХ эхний ээлжинд баг, хороонд ямар ч мэдээлэл үлдээлгүйгээр татаж авна. Татаж авсан мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийсний дараа хувь хүний нууцлалтай холбоотой мэдээллийг устгаж, үр дүнг анхан шатны нэгжид хүргүүлнэ Харин ХАОСТ-3 бүртгэлийн дэвтрийг хуулбарлан авч үлдэж болно.
III. Тооллогын асуулга, ХАОСТ-1 маягтыг нөхөх талаар
- Тооллогын товоос хойно нас барсан хүнийг маягт ХАОСТ-1 маягтаар тоолно гэсэн мөртлөө маягт ХАОСТ-1-1-ээр тоолохгүй гэсэн. Ялгаа нь юунд байгаа вэ?
Тооллогын товоор тухайн хүн амьд байсан учраас маягт ХАОСТ-1 маягтын хүн амын асуулгаар тоологдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, нас баралт, эхийн эндэгдлийн асуулга, маягт ХАОСТ-1-1 нь тооллогын товоос өмнө нас барсан хүнээс асуугдах ёстой учраас тооллогын товын үед амьд байсан хүмүүс энэ асуулгаар тоологдохгүй. Маягт ХАОСТ-1-ээр уг хүний мэдээллийг асуухдаа болгоомжтой хандах хэрэгтэйг тоологчид ойлгуулах нь чухал.
- Албан ёсоор шилжүүлгээ УБ хотруу хийлгэсэн боловч аймагтаа буцаж ирээд суурьшиж байгаа тохиолдолд байнга оршин суугаа хаягийг нь яаж бүртгэх вэ?
Тоолуулагчийн бичиг баримт дээрх хаягийн бүртгэлийг харгалзалгүйгээр суурьшихаар ирсэн газраар нь хаягийг бичнэ. Суурьшлын байдлыг нь 6 сараас дээш үү, үгүй юу гэдгээр тогтооно.
Хэрвээ тоолуулагч шилгүүлгээ хийлгэсэн хэдий ч УБ-т очиж, огт амьдраагүй бол суурьшлын байдлыг оршин суугаа газарт нь “байнга оршин суугаа” гэж тодорхойлно.
- Нэг байрыг түрээслэн амьдарч байгаа 3 өрхийг хэрхэн тоолох вэ? 2 өрх нь орон гэргүй гэж тоолуулах уу? Мөн ээж, аавтайгаа хамт амьдардаг мөртлөө өрх тусгаарласан байдаг. Энэ тохиолдолд орон сууц давхар тоологдох гээд байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
Нэг байранд амьдарч байгаа 3 өрхийн 1-ийг нь үндсэн өрхөөр, үлдсэнийг нь хамт суудаг өрхөөр тоолно. Үндсэн өрхөөр тоологдож байгаа өрхийн хувьд сууцны өрөө, талбайг байшингаар нь тодорхойлж нөхөх бол хамт суудаг өрхийн хувьд зөвхөн өөрсдийнх нь суугаа өрөө, тасалгаагаар тодорхойлно.
Харин өрх тусгаарласан хэдий ч аав, ээжтэйгээ хамт амьдардаг хүмүүсийг “Хамт суудаг өрх” эсвэл аав, ээжийнх өрхөд гишүүнээр нь тоолох гэсэн 2 янзаар тоолж болно. Аль ч тохиолдолд орон сууц давхар тоологдохгүй.
- Дулааны сүлжээний сувагт гэр бүлээрээ амьдардаг хүмүүсийг өрх гэж үзэх үү?
Өрх гэж үзнэ. Өрх нь орон сууцны нөхцөлөөс хамаарахгүй ойлголт бөгөөд ямар ч нөхцөлтэй сууцанд амьдарч байж болно.
- Шинэ мэндэлсэн хүүхдэд нэр өгч амжаагүй байна. Нэрийг нөхөхгүй хоосон үлдээх үү?
Шинэ мэндэлсэн хүүхдийн нэрийг том үсгээр “НЭРГҮЙ” гэж бичнэ.
- Түр эзгүй хүнийг өрхийн тэргүүлэгчээр сонгож болох уу? Түр эзгүй хүний талаарх мэдээллийг маягт ХАОСТ-1-д хэнээс асууж нөхөх вэ?
Өрхийн тэргүүлэгч “түр эзгүй” байж болно. Мэдээллийг тухайн хүний хамгийн ойр дотны хүнээс (эхнэр/ нөхөр, ах, дүү, хүүхэд, аав, ээж гэх мэт гэр бүл, хамаатан садны хүмүүсээс) асууж нөхнө.
- Тоолох үеэр чөлөө аваад ирсэн оюутан, цэрэг, бас цөөн хоногоор буудалд байгаа хүнийг яаж тоолох вэ? Дээрх хүмүүсийн буцах хугацаа нь тодорхойгүй байвал яах вэ?
Тоолох үеэр чөлөө аваад ирсэн оюутан, цэргийг байгаа газар нь “байнга оршин суугаа” гэж тоолно. Харин цөөн хоногоор буудалд байгаа хүнийг тоолуулсан эсэхийг тодруулаад тоолуулсан гэрчилгээгүй бол байгаа газар нь тоолно. Суурьшлын байдлыг тооллогын товоос өмнө ирсэн үү, хойно ирсэн үү гэдгээр тодорхойлно.
- Малчин өрх малаа айлд тавьж, өвлийн 3 сар аймгийн төвд өрхөөрөө өвөлжиж, хавар байнга оршин суудаг нутагтаа очиж, малаа малладаг бол маягт ХАОСТ-3-т яаж бүртгэх вэ? Маягт ХАОСТ-1-ийн Хүн амын асуулгын 7-р асуултад өрхөөр нь аймгийн төвд “түр суугаа” гэж тоолох уу? Өөрөөр хэлбэл, уг өрх 6 сараас дотогш хугацаанд өрхөөрөө явж байгаа шүү дээ.
ХАОСТ-3 бүртгэл хийж байх үед тухайн малчин айл аймгийн төв рүү нүүж амжаагүй байвал байгаа газарт нь “байнга оршин суугаа” гэж бүртгэнэ. Тоолох үе буюу маягт ХАОСТ-1 асуулгыг нөхөх үед уг айл аймгийн төвд ороод ирчихсэн байвал тэнд нь “байнга оршин суугаа” гэж 7-р асуулт (суурьшлын байдал)-ыг нөхнө. Бүтэн өрхөөрөө “түр суугаа” гэдэг ойлголт байхгүй.
- УБ хотод төрсөн бөгөөд Багахангайд амьдарч байгаад Налайх руу шилжсэн хүнийг маягт ХАОСТ-1-ийн 8-р асуултад УБ-т төрсөн, 9-р асуултад “төрснөөсөө хойш” гэх үү? Эсвэл нэг дүүргээс нөгөөд шилжиж ирсэн гэж үзэх үү?
Шилжилт хөдөлгөөнийг аймаг, нийслэлийн түвшинд буюу аймгаас аймагт, аймгаас нийслэлд, нийслэлээс аймаг гэсэн чиглэлээр тооцно. Тиймээс тухайн хүний шилжилт хөдөлгөөн нийслэл дотроо байгаа учраас “төрснөөсөө хойш” гэж нөхнө.
- Маягт ХАОСТ-1-ийн 22, 23-аар асуултыг нөхөхөд түгээмэл ажил мэргэжлийн жагсаалтаар сургалт, гарын авлага өгч болох уу?
Маягт ХАОСТ-1-ийн 22, 23-аар асуулт буюу эрхэлдэг ажил, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг нөхөхдөө аль болох дэлгэрэнгүй, тодорхой бичнэ. Түр товчоодод НХХЯ-аас баталсан ажил мэргэжлийн ангиллыг өгөх боломжгүй.
- Хүн амын асуулгын асуулт 23-т малын тоо толгойн олноор үндсэн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлохоор байна. Монгол Улсын ихэнх малчин өрх хонь, ямаа өсгөх үндсэн чиглэлтэй болно гэж ойлгож болох уу?
Тоологч энэ асуултыг яг ямар малаа тоолуулагч түлхүү өсгөдөг гэж үзэж байгаагаар нь асууж, хариултыг нөхөж болно.
- Маягт ХАОСТ-1-ын хүн амын асуулгын асуулт 24-т өрхийн тэргүүлэгч болон өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг яаж нөхөх вэ?
Хөдөлмөр эрхлэлтийн байдал нь зааварт тусгагдсаны дагуу нөхөгдөнө. Тухайлбал, хувиараа бизнес эрхэлдэг өрхийн тэргүүлэгч байнгаар (6 ба түүнээс дээш сараар) ажилтан ажиллуулж, цалин хөлс олгодог бол ажил олгогч, үгүй бол хувиараа хөдөлмөр эрхлэгч болно. Өрхийн бусад гишүүдийг өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд цалин, хөлсгүй оролцогч гэж үзнэ.
- Байнгын өвчтэй учир хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүсийг Хүн амын асуулгын 25-р асуултад “гэрийн ажилтай” гэж үзэх үү?
Үгүй. “Гэрийн ажилтай” гэдэг нь хүүхэд, өндөр настай, өвчтөн асардаг, гэр бүлийн хүний ажлын онцлогоос шалтгаалан хөдөлмөр эрхлэхгүй байгаа хүнийг хэлнэ. Харин “хөдөлмөр эрхлэх чадваргүй” гэдэгт хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар бүрэн болон хэсэгчлэн алдсан нөхөн сэргээгдэх боломжгүй хүнийг ойлгоно. Тиймээс “хөдөлмөр эрхлэх чадваргүй” гэж үзнэ.
- Орон сууцыг хэрхэн тоолох вэ?
Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогоор хүн амьдарч байгаа бүх орон сууцыг тоолно. Тиймээс монгол хүн ямар нөхцөлтэй орон сууцанд амьдарч байна вэ гэдгийг судална. Та өөрийн эзэмшлийн эсвэл түрээсийн байранд амьдардаг эсэх нь чухал бус, Таны амьдарч байгаа байр тохилог тухтай байх стандартад нийцэж байна уу гэдгийг л тодорхойлох юм.
- Мансард, подвал зэрэг сууцны зориулалтгүй байранд амьдарч байгаа хүнийг хэрхэн тоолох вэ?
Амьдарч байгаа байр, сууцанд нь тоолно. Сууцны зориулалттай баригдсан мансардыг жирийн сууцтай ижил нөхцөлөөр тоолно. Анхнаасаа хүн амьдрах зориулалтгүй баригдсан бол “Зориулалтын бус”, “Бусад” төрөлд хамааруулна.
- Зөвшөөрөгдсөн, зөвшөөрөгдөөгүй оюутны байрууд их байдаг. Оюутны дотуур байранд амьдардаг хүмүүс их байдаг. Хэрхэн тоолох вэ?
Амьдарч байгаа байр, сууцанд нь тоолно. Анхнаасаа сургуулийн дэргэд, оюутан, сурагчдын дотуур байрны зориулалтаар баригдаагүй гэр хороололд ихэвчлэн байдаг нийтийн хэлбэрийн (анхнаасаа түрээсийн зорилгоор барьсан) байрыг “Ажиллагчдын нийтийн байр” гэж үзнэ.
- Сууцны гадна байрлах тагтны талбай сууцны талбайд орох уу?
Орохгүй. Зөвхөн сууцны дотор талбайн хэмжээг сууцны талбайд оруулж нөхнө. Сууцны талбайд ашигтай болон ашиггүй талбайн нийлбэрийг авч үзнэ.
- Гал тогооны өрөөг өрөөний тоонд тоолох уу?
Орон сууцны асуулгын асуулт 3-т өрөөний тоонд оруулахгүй. Харин асуулт 5-д гал тогооны өрөөтэй эсэхийг зааврын дагуу шийднэ. Гал тогооны тусдаа өрөөгүй боловч сууцны нэг буланд хоол унд боловсруулах, хооллох зорилгоор зориулалтын төнөг төхөөрөмж, тавилгаар тоноглож, тохижуулсан талбайг гал тогооны өрөөтэй гэж үзнэ.
- Гал тогооны өрөө хөлсөлж суугаа өрх, өрх үүсгээгүй хүмүүсийн орон сууцны нөхцөлийг яаж тоолох вэ?
Энэ тохиолдолд өрхийнх нь хувьд өрөө, сууцны талбайг нийтэд нь авч үзнэ. Өөрөөр хэлбэл, бүх өрөөний тоо, сууцны талбайн нийт хэмжээг өрхөд, харин түрээсэлж суугаа өрх үүсгээгүй хүмүүсийн хувьд зөвхөн амьдарч байгаа өрөө, тасалгааных нь талбайг нөхнө. Гал тогооны өрөөг хүн амьдрах зориулалтаар засч тохижуулан, ашиглаж байгаа бол өрөөний тоонд оруулна. Түрээслүүлж байгаа өрх гал тогооны хэсгийг тусад нь засч тохижуулсан бол гал тогооны өрөөтэй гэж үзнэ.
- Орон гэргүй, айл айлаар хоног төөрүүлж явдаг иргэний сууцны нөхцөлийг яаж тоолох вэ?
Тоолох үед байгаа өрхөд нь тоолох учраас тухайн айлын нөхцөлөөр тоологдоно.
IY. Интернэт тооллогын талаар
- Интернэтээр тоологдох хүн хэн байх вэ?
Хилийн чанадад суугаа Монгол Улсын ДТГ, олон улсын байгууллагын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдээс бусад гадаад улсад 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа (одоогоор 183 хоног хүрээгүй ч цаашид байх нь тодорхой) Монгол Улсын иргэд интернэт тооллогод хамрагдана.
- Гадаадад 183 хоногоос доош хугацаагаар явсан Монгол Улсын иргэдийг интернэтээр тоолох уу?
Эдгээр иргэдийг интернэтээр тоолохгүй. Монголд байгаа ар гэртээ тоолуулна.
- Монгол Улсад амьдарч байгаа иргэн интернэтээр тооллогод хамрагдаж болох уу?
Болохгүй. Зөвхөн гадаадад удаан хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэд интернэт тооллогод хамрагдана.
- Гадаадад хараар амьдарч буй иргэд интернэтээр тоолуулах уу?
Гадаадад байгаа иргэдийг 2 чиглэлээр тоолно. Нэгдүгээрт, монголд амьдарч байгаа гэрийнхнээс нь асуух, хоёрдугаарт, өөрсдөө интернэтээр тоолуулна. Тэдний хувьд мэдээллийн нууц алдагдах эрсдэл байхгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
- Гадаадад байгаа хүүхдээ эцэг эх нь монголд өрхдөө оруулж, гадаадад оршин суугаагаар тоолуулсан байхад интернэтээр хүүхэд нь заавал тоолуулах ёстой юу? Интернэтээр тоолуулахаар давхардах юм биш үү?
Нэгдүгээрт, гадаадад байгаа хүүхдийг эцэг эх нь тоолуулж байгаа болохоос өрхдөө оруулж байгаа хэрэг биш. Тийм ч учраас маягт ХАОСТ-1-ийн нүүр хуудсанд тусад нь асуулгаар тоолж байгаа. Гадаадад байгаа иргэн интернэтээр давхар тоолуулах ёстой. Харин давхардаж байгаагийн хувьд дараа нь тулгаж үзэх бололцоотой.
- Интернэтээр хүүхдийнхээ мэдээллийг төлөөлүүлэн өгч болох уу?
Эцэг эх, асран хамгаалагч нь мэдээллийг төлөөлүүлэн өгч болно.
- Регистрийн дугаар авч амжаагүй байгаа хүүхдээ яаж тоолуулах вэ? Програм дээр бүртгэж баталгаажуулахгүй байна.
Регистрийн дугаар авч амжаагүй байгаа хүүхдийг интернэтээр тоолох бололцоогүй. Тиймээс гадаадад суугаа ЭСЯ, консулын газарт хандаж, тоолуулна. ЭСЯ, консулын газар амьдардаггүй иргэдийн хувьд интернэт тооллогын асуулга ХАОСТ-1.2-ыг хэвлэж, нөхөөд ЭСЯ, консулын газарт мэйлээр илгээнэ.
- Монгол Улсын иргэншлээс хасуулаад очсон газраа албан ёсоор бүртгүүлж амжаагүй байгаа хүмүүсийг тоолох уу?
Монгол Улсын иргэн биш бол тоолохгүй.
- Хилийн чанадад ял эдэлж буй болон мөрдөн байцаалтад байгаа Монгол Улсын иргэдийг тооллогод хамруулах уу?
Эдгээр иргэдийг тухайн улсад оршин суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраас очиж, интернэт тооллогын асуулгаар Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогод хамруулна.
- Гадаадад оршин суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийг тооллогын ямар асуулгаар тоолох вэ?
Хүн ам, орон сууцны тооллогын асуулга, маягт ХАОСТ-1-ээр тоолно.
- Гадаадад ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар /МИАТ, МТЗ, ХААН банк, Гадаадад ажиилах хүч илгээх төв/-т Монгол Улсаас томилогдон ажиллаж буй хүмүүс яаж тоолох вэ?
ДТГ, олон улсын байгууллагаас бусад төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагч интернэт тооллогод хамрагдана.
- ДТГ-ын ажилтны гэр бүлийн гишүүн бус бөгөөд тэднийд амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг хэрхэн тоолох вэ?
Интернэтээр тоолуулна.
- Интернэт тооллогын үр дүн хэр бодитой гарах вэ? Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг бүрэн хамарч чадах уу?
Иргэдийн идэвх санаачлага, үнэн бодитой мэдээлэл өгөх нь энэ ажлын үр дүнг тодорхойлох болно. Тооллогын мэдээллийн нууцыг хуулийн дагуу хамгаалах учраас визаны хугацаа хэтэрсэн, зөвшөөрөлгүй ажиллаж байгаа иргэдэд ямар ч эрсдэл байхгүй.
- Өрхийн тэргүүлэгч гэдэг ойлголтыг интернэтээр яаж ойлгож хариулт өгөх вэ?
Интернэт тооллогод хамрагдаж буй иргэн өрхөөрөө хамт бүртгүүлэх боломжтой. Нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг өрх гэнэ. Өрхийн гишүүд хоорондоо цусан болон ураг төрөл, хамаатан садны хамааралтай байх бөгөөд заавал өрхийн тэргүүлэгчтэй байна. Өрхийн тэргүүлэгч нь тухайн өрхийн талаарх аливаа асуудлыг голчлон шийддэг, өрхийн орлого бүрдүүлэхэд давамгай үүрэгтэй оролцдог хүн байна.
- Интернэтээр тоологдохгүй бол яах вэ? Ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Монгол Улсын иргэн тооллогод хамрагдаж, үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Гадаадад суралцаж, ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн Та эх оронч сэтгэлээр хандаж тоологдоно гэдэгт итгэж байна. Хариуцлагаас өмнө иргэн Та тоолуулснаараа таны нэгэн адил мянга мянган Монгол иргэдийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлтийг үндэслэлтэй хийх мэдээллийн эх үүсвэр бүрдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тооллого бол иргэн Таны ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт юм.
- Интернэтээр тоологдоход нууц кодыг эргэж илгээнэ гэсэн? Энэ ажиллагаа хэр хугацаа шаардах вэ? Тоолуулагч нэг удаагийн интернэт хандалтаар, хурдан хугацаанд тоологдох бололцоо бий юу?
Иргэний оруулсан мэдээллийг бүртгэлийн нэгдсэн сантай тулгаж шалгаад 24 цагийн дотор и-мэйл хаягаар нь интернэт тооллогын холбоосыг буцааж илгээнэ.
- Интернэт тооллогод бүртгүүлэхдээ маргааш нь асуулгаа нөхөх үү? Учир нь 1, 2, 3-р алхмын дараа 24 цагийн дотор хариу өгнө гэсэн бичиг гарч байна.
Эцэг/ эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаараа оруулсны дараа 24 цагийн дотор тооллогын асуулга нөхөх холбоос таны и-мэйл хаягаар очих болно.
- Регистрийн дугаар болон овог, нэр бичихэд кирилл үсгээр бичих бололцоог програм дээр хангасан уу?
Энэ бололцоог програм дээр шийдэж өгсөн. Дэлгэц дээр кирилл үсгийн гар бүхий цонх нээгдэнэ.
- Өөр хүний регистрийг ашиглаж тоолуулахад шалгах бололцоо байгаа юу?
Иргэний эцэг/ эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаарыг бүртгэлийн нэгдсэн санд байгаа мэдээлэлтэй шалгах учир буруу оруулсан мэдээллийг хүлээж авахгүй.
Y. Газрын зураг, түүн дээр ажиллах талаар
- Газрын зургийн ач холбогдол нь юу вэ? Тооллогын дараа айл өрхүүд нүүж суугаад явна. Тухайн өөрчлөлтийг хэрхэн тухай бүр тусгах вэ?
Ач холбогдол нь өрхийн байршлыг тодорхойлох юм. Тооллогын дараа өөрчлөлтийг тусгахгүй.
- Тооллогод ашиглах газрын зургийг ҮСХ-ноос хэвлэж, орон нутагт хүргүүлэх үү?
Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны газрын зургийг ҮСХ-ноос хэвлэж хүргүүлнэ. Тоологч өөрөө хариуцсан нутаг дэвсгэрийн зургийг гараар зурж, авч явна.
- Газрын зурагт өрхийн байршлыг тооллогын өмнө урьдчилсан байдлаар тусгах уу? Аль эсвэл тоолох үеийн байршлаар тусгах уу?
ХАОСТ-3 бүртгэлийн үеийн байдлаар түр товчоо газрын зурагт өрхийн байршлыг тэмдэглэж, өрхүүдээ тоологчдод хуваарилна. Тоологч тоолох үеэр тоолсон өрхийнхөө байршлыг гар зурагт тэмдэглэх учраас ХАОСТ-3 бүртгэлийн болон тоолох үеийн байршил давхардаж болно. Хэрвээ өрх ХАОСТ-3 бүртгэл хийснээс хойш хөдөлгөөнд орсон 2 байршил давхцахгүй байж болно.
- Газрын зурагт тэмдэглэгдээгүй хашаа, байшингийн байршлыг хэрхэн тэмдэглэх вэ?
Газрын зурагт ороогүй хашаа, байшинг ХАОСТ-3 бүртгэлийн үеэр нэмж зурах бөгөөд зааврын дагуу таних тэмдгийг хийнэ.
- Газрын зурагт сумын хил маргаантай байдаг. Хэрхэн шийдвэрлэх вэ?
Тооллогод ГХГЗЗГ-аас хамгийн сүүлийн байдлаар албан ёсоор ирүүлсэн хилийг ашиглаж байгаа. Түүний дагуу явна.
- 1:200 000 масштаб дээр хөдөөгийн өрхийн дугаар, байршлыг тэмдэглэж багтахгүй байж болно. Өвөлжөөний байдлаар зураглалд тусгах зайг хэрхэн шийдэх вэ?
1:200 000 зурагт хөдөөгийн өрх багтахгүй тохиолдолд хэвлэсэн газрын зургийн тэмдэглэгээ хийгдэхгүй, хоосон зайд өрхийн дугаарыг жагсааж, байршлыг нь нутаг усны нэрээр нь маш тодорхой бичнэ. Төв суурингийн кадастрын зурагт ч мөн энэ зарчмыг баримтална.
- Яг хилийн зурвас дээр ХАОСТ-3 бүртгэлийн үед бүртгэгдсэн өрхийг аль засаг захиргааны нэгж нь тоолох вэ?
Зөвхөн энэ тохиолдолд аймгийн тооллогын комисст мэдэгдсэний үндсэн дээр тухайн айлын үндсэн харьяаных нь багийн түр товчооноос очиж тоолно.
- Баг, хорооны газрын зураг, тоологчийн гар зургийг нэг архивын хавтсанд хийх үү?
Баг, хорооны газрын зургийг ҮСХ-оос өгсөн тусгай зориулалтын дугуй хайрцганд хийж, буцааж өгнө. Харин тоологчийн гар зургийг тоологчийн архивын хавтсанд хийнэ.
--о0о--
Үндэсний статистикийн хороо,
Хүн ам, орон сууцны тооллогын товчоо